32 дугаар зүйл. Хяналтын байгууллагын тогтолцоо.
32.1. Намын хяналтын байгууллага нь Хяналтын төв байгууллага болох “Хяналтын Зөвлөл”, намын орон нутгийн байгууллага тус бүрийн дэргэдэх “Хяналтын Комисс”-оос бүрдэнэ.
32.2. Хяналтын Зөвлөл нь намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам, зааврын хэрэгжилт болон Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Хэрэг эрхлэх газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй.
32.3. Намын орон нутгийн байгууллагын дэргэдэх Хяналтын Комисс нь тухайн орон нутгийн намын Бүгд хурал, Бага хурал, Тэргүүлэгчдийн хурал болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй ба түүний эрх хэмжээ, бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, журмыг Хяналтын Зөвлөл тогтооно.
32.4. Хяналтын Зөвлөл дараахь эрх, үүрэгтэй байна.
Үүнд: 32.4.1. намын үйл ажиллагаанд хяналт тавих;
33.4.2.намын дүрмээр зохицуулах намын зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх;
32.4.3. Их хурал, Үндэсний Хороо, Улс Төрийн Зөвлөл, намын дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарын гаргасан шийдвэр, намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам, зааварт нийцэж буй эсэхийг хянах;
32.4.4. намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавих;
32.4.5. намын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих;
32.4.6. намын удирдлага, Үндэсний Хороо, Улс Төрийн Зөвлөл, Хяналтын комисс болон Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар бусдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг анхан шатны журмаар шийдвэрлэж Улс Төрийн Зөвлөл, болон Үндэсний хороогоор хэлэлцүүлэх;
32.4.7. намын орон нутгийн байгууллагын Хяналтын комиссын шийдвэрийн талаар гишүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хяналтын журмаар хэлэлцэх;
32.4.8. намын санхүүгийн үйл ажиллагаанд жил тутам дотоодын хяналт, шалгалт хийх;
32.4.9. намын дүрмийн зүйл, заалтыг тайлбарлах.
33 дугаар зүйл. Хяналтын Зөвлөлийн зохион байгуулалт
33.1. Хяналтын Зөвлөлийн үйл ажиллагаагаа явуулах хэлбэр нь Хяналтын зөвлөлийн хурал байна.
33.2. Хяналтын Зөвлөл 9 гишүүнтэй байх ба тэдгээрийн 2-оос доошгүй нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй байна.
33.3. Хяналтын Зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ дүрмийн 22.1.4-д заасны дагуу өөрчлөлт оруулж болно.
33.4. Хяналтын Зөвлөлийн дарга, гишүүнийг Улс Төрийн Зөвлөлийн гишүүнээр сонгохыг хориглоно.
33.5. Хяналтын зөвлөлийн дарга нь Улс төрийн Зөвлөлийн хурал дүрэмд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэх болон алив асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд, зөв шийдвэрлэж буй эсэхэд хяналт тавих үүрэгтэйгээр хуралд нь тогтмол оролцоно. Ингэхдээ Улс төрийн зөвлөлийн хуралд саналын эрхгүй оролцох ба шаардлагатай асуудлаар гишүүдэд зөвлөж, тэдгээрийн асуултад хариулж болно.
33.6. Хяналтын зөвлөлийн дарга Улс төрийн зөвлөлийн хуралд оролцох боломжгүй үед түүний зөвшөөрснөөр Хяналтын зөвлөлийн аль нэг гишүүн энэ дүрмийн 34.5.-д заасан үүргийг хэрэгжүүлж болно.
33.7. Хяналтын зөвлөлийн даргын зөвшөөрөлгүйгээр Хяналтын зөвлөлийн аль нэг гишүүн Улс төрийн зөвлөлийн хуралд оролцохыг хориглоно.
33.8. Хяналтын зөвлөлийн дарга энэ дүрмийн 34.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс Улс төрийн зөвлөл буруу шийдвэр гаргасан нь тогтоогдвол түүнд намын дүрмийн 10.1.1.-д заасан шийтгэл ногдуулна.
34 дүгээр зүйл. Хяналтын Зөвлөлийн хурал
34.1. Хяналтын Зөвлөлийн хурлыг шаардлагатай асуудлаар хэдийд ч зарлан хуралдуулж болно. Хурлын товыг Хяналтын Зөвлөлийн дарга тогтоох ба хурал болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэнэ.
34.2. Хяналтын зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш хэсгийн саналаар Хяналтын зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж болно.
34.3. Хяналтын Зөвлөлийн гишүүдийн олонхихүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын 50-иас дээш хувийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
34.4. Хяналтын Зөвлөлийн хурлаас гарах шийдвэр нь тогтоол, дүгнэлтийн хэлбэртэй байх ба анхан шатны журмаар шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, хяналтын журмаар хэлэлцсэн асуудлаар дүгнэлт гаргана.
34.5. Хяналтын Зөвлөл нь хэлэлцэх асуудалтай холбогдуулан өргөдөл, гомдол гаргагчаас асууж тодруулах, холбогдох этгээдээс тайлбар авах, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийж болох ба тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ мэтгэлцэх зарчмыг үндэслэл болгоно. 34.6. Намын орон нутгийн байгууллагын дэргэдэх Хяналтын Комиссын шийдвэрийн талаар холбогдох этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Хяналтын Зөвлөл хянан хэлэлцээд гаргасан дүгнэлт эцсийн шийдвэр болно.